Friday, July 30, 2010

Миний амь шиг, алт шиг найзууд

Нулимс минь гарсан үед арчиж өгдөг найз нар бий

Нуугдсан сэтгэлдээ тэд намайг өмгөөлж явдаг анд нар

Нэр минь тэднийхтэй байнга цуг явдаг байсан бүсгүйчүүд

Нэг л мэдэхэд тэд минь хүний хань болсон ээж нар....

Айлын эхнэр болж буурь суужээ тэд

Алдаж онож цуг инээж явдаг байсансан

Алдаа оноог минь хэлж эх хүн шиг зэмлэхдээ

Аргадаж бас ухааруулж заадаг болж дээ надад.

Эзэгтэй гэгч ариун үүрэгтэй болчоод

Ээждээ ч гэсэн хааяа над шиг эрх охин нь хэвээрээ

Энхрийлж нойрсох алаг үрсдээ

Эвийлж бүүвэйн дуу аялж суудаг дагинас болж дээ тэд.

Эр нөхрийнхөө өмнө ханийн үүрэг хүлээсэн

Энэ амьдралаа хамт туулна гэж амласан

Эцгийн гэрээсээ гарч айлын гэрт очоод

Элбэрэл дунд нь ухаажиж яваа бүсгүйчүүд ......

Найз нартаа зориулж бичсэн. Одоо тэд бүгд л ээж нар болж. Үрсийнхээ тухай ярихдаа хамгийн жаргалтай бүсгүйчүүд болчиж. 2010,07,18

Saturday, July 17, 2010

Амьдрал яагаад....?

Амьдрал яагаад

Алганд багтах цагийн зүүгээр хэмжигдэж

Амрагаа хүлээх бүсгүйн сэтгэлээр даажигнаж

Ард үлдсэн дурсамжаар хөглөгдөнө вэ?

Би яагаад

Бороо ороход тэгтлээ их баярлаж

Бодолдоо чамайг тэгтлээ санан гуньж

Бяцхан зүрхэндээ яах гэж чамайг тээдэг юм бол?

Дурлал яагаад

Дураараа явсан занг минь хөлнөөс нь чангааж

Дуугүй болгон хүний өмнө сөхрүүлж

Дурлуулж бас хайрлуулж шархлуулна вэ?

Амьдрал яагаад

Алдаа онооны дэнсэнд

Ахархан богино хугацаанд

Аз жаргалыг мэдрүүлдэг юм бол?

Амьдрал яагаад...................?